Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Алтан гадас одонт Жаргалант сумын танилцуулга

2022-03-10

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМ

1940 онд хуралдсан МАХН-ын X, Улсын VIII их хурлуудын зорилт, олон түмний санал эрмэлзлэлийг харгалзан зарим аймгууд олон сумтай төдийгүй холын сумд нь аймгийн төвтэй харилцахад чирэгдэлтэй, олон түмнийг бараа таваараар хангахад бэрхшээлтэй байгааг харгалзан БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12-р сарын 11-ний өдрийн тогтоолоор засаг захиргааны зохион байгуулалтад томоохон өөрчлөлт оруулахад Их Жаргалант сумыг  Архангай аймгаас Хөвсгөл аймагт харьяалуулав. Энэ үеэр Хөвсгөл аймаг 14 баг, 1500 өрх бүхий Баян-Уул, Баян хайрхан сумдаа Завхан аймагт шилжүүлж, оронд нь 38 баг, 3300 гаруй айл өрхтэй Зүрх, Идэр, Их Жаргалант, Чандмань сумдыг Архангай аймгаас хүлээн авснаар Хөвсгөл аймаг 1943 оны  байдлаар 23 сум, 221 баг, 18872 өрх, 59,1 мянган хүн амтай болжээ.

       Их Жаргалант сум аймгийн төв хүртэл зургаан өртөө болж, Архангайгаас ойртсон. Сумыг 10 баг болгож, нутаг дэвсгэрийг нь тогтоож өгсөн байна.Тойн сав газрыг нэгдүгээр, Доод Цэцүүх, Өвөр ар Цахирыг хоёрдугаар, Тосон, Мухар болон Их Хуурайг гуравдугаар, Бага булаг, Даваат, Хөх Чулуут, Их Хавчигийг дөрөвдүгээр, Цагаан бургасны Баруун эх, Өлөн завсар, Намигийг оролцуулааад тавдугаар, Цагаан бургасны Дунд, Зүүн эхийг бүхэлд нь зургадугаар, Агьт  бүхэлдээ долдугаар, Тээл, Элстий, Хэдрүүнүүд ороод наймдугаар, Дунд, Мухар, Харгана, есдүгээр, Хөнжил нийтээр 10-р баг болгон тус тусад нь зохион байгуулжээ.

      1942 оноос 10 багаар батжин төлөвшсөн Их Жаргалант сумыг арваад жилийн хойно гэнэтхэн татан буулгажээ. 1956 оны 8сарын 1-ний ”Аймгуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтанд өөрчлөлт оруулах тухай” БНМАУ-ын Ардын ИХ Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Хөвсгөл аймгийн Их Жаргалант, Идэр сумыг тэр үеийн Шинэ-Чандмань сумын төвд төвлөрүүлэн 14 багаар Шинэ-Идэр сумыг байгуулжээ.

      Гэвч ийм нүсэр бүтэц нь төр захиргааны ажил, олон түмний аж төрлийг хийдүүлэн чирэгдүүлэхэд хүргэсэн учир төдий удалгүй Шинэ-Идэр сумыг задалж, хуучин сумдыг буцаан байгуулав.

      БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 8-р сарын 5-ны өдрийн “Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах тухай” 129-р зарлигаар Их Жаргалант сумыг Хөвсгөл аймгийн харьяанд Жаргалант нэрээр сэргээсэн байна.

       Гэхдээ Монгол орны хөдөө аж ахуйд социалист үйлдвэрлэлийн харилцаа ялж, ардын аж ахуйтан, хөдөө аж ахуйн нэгдэлд нийтдээ нэгдсэн явдалд үндэслэн дээрх зарлигаар багийг татан буулгасан юм.

Орон нутгийн засаг захиргааны байгууллагын нэгжийг сумын хөдөлмөрчдийн депутатын хурал байхаар тогтоосон энэ зарлиг нь нэгдлийг сумдад хавсаргаж, “сум-нэгдэл” хэмээх орон нутгийн захиргаа- эдийн засгийн хосолмол тогтолцоог бүрдүүлэхэд чиглэжээ. Энэ ёсоор Жаргалант сумыг “Улаан туг” нэгдэлтэй хамтатгасан учир засаг захиргааны доод нэгж багийн орон зайг сум нэгдлийн аж ахуйн зохион байгуулалтын үндэс болсон мал аж ахуйн 3, туслах үйлдвэрийн 1 гэсэн 4 бригадыг зохион байгуулалтад оруулж төрийн захиргааны болон нэгдлийн аж ахуйн ажлыг бригадын дарга давхар удирдах болсон байна.

Харин 1992 оны эхээр хүчин төгөлдөр болсон ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд социалист хөдөө аж ахуйн хөгжлийг тулж байсан засаг захиргаа-аж ахуйн анхдагч нэгж “бригад”-ыг халж, засаг захиргааны дагнасан нэгж “баг”-ийг сэргээв. Чингэхэд, Хөвсгөл  аймгийн Жаргалант сумын бригадуудын оронд Хөнжил, Цэцүүх, Цагаан бургас, Харгана, Оргил (сумын төв) гэсэн 5 багийг шинэчлэн зохион байгуулсан бөгөөд үүний үрээр тус сум 2023 оны дүнгээр 1597 өрхийн  5518 гаруй хүн ам, 276428 малтай болтол дэлгэрэн хөгжжээ.

Далай Чойнхор вангийн хошууны засаг захиргааг шинэчилсэн 1923 оны ардчилсэн өөрчлөлтийн хүрээнд өнөөгийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын түүх эхэлжээ.Тус сум нь Монгол улсын ууган сумдын нэг төдийгүй монголын орон нутгийн ардчилсан засаг захиргааны байгууллагын анхдагч мөн хэмээн дүгнэхэд болно.

Үүгээр тооцоход, Жаргалант сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн их баяр энэ 2023 онд тохионо. Халх даяар хүн ам, хөрөнгө чадал, ур ухаанаараа манлайлж явсан Далай Чойнхор вангийн хошууны голомт сахисан хамгийн том сум, Жаргалант нутгийнхан маань тэр их баяраа ёслол төгөлдөр  тэмдэглэх гэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3332
2172 / 65%
696 / 21%
226 / 7%
238 / 7%